TheMongoliaTime

Ойрх Дорнодын дайнд 96 хувийн амжилттай пуужин устгадаг Өмнөд Солонгосын хамгаалалтын системийн эрэлт өндөр байна

2026-03-07 - 02:56

Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) улсын эрх баригчид Өмнөд Солонгосын талд Чонгун-II газар-агаар ангиллын пуужин эсэргүүцэх системийнхээ нийлүүлэлтийг хурдасгах хүсэлт ирүүлсэн тухай Сөүлийн албаны эх сурвалжууд мэдээлжээ. Уг системийг Өмнөд Солонгос улс АНЭУ-д нийлүүлж байсан юм. Өнөөдөр Ираны эсрэг АНУ, Израил улсуудын явуулж буй байлдааны ажиллагааны үеэр уг системийн гүйцэтгэл маш сайн болох нь тодорсон тул ийнхүү гэрээний дагуу дараагийн нийлүүлэлтээ яаравчлах хүсэлт ирүүлжээ. Ираны зэвсэгт хүчин АНУ, Израилийн явуулж буй ажиллагааны хариуд Ойрх Дорнодын орнууд руу нисгэгчгүй онгоц, пуужингаар довтлох болсон тул агаарын довтолгооноос хамгаалах системийн хэрэгцээ нэмэгдээд байгаа. 2022 онд Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдээс 10 ширхэг Чонгун II систем авах $3.5 тэрбумын дүнтэй гэрээг АНЭУ байгуулж байжээ. Одоогоор эдгээрээс хоёрыг л нийлүүлээд байгаа юм байна. 2024 онд Саудын Араб, Ирак улсууд мөн уг системийг худалдаж авах тус бүр $3.2 тэрбум, $2.8 тэрбумын дүнтэй гэрээ байгуулжээ. Баасан гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан Кан Хун Шик агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэх асуудлаар АНЭУ-ыг оролцуулаад хэдэн хэдэн улсаас хүсэлт ирүүлснийг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. АНЭУ-д өмнө нийлүүлэгдсэн систем 96 хувийн амжилттай Ираны пуужингуудыг устгаж байгаа гэх баримтыг Пүрэв гарагт тус улсын гол сөрөг хүчний намын хууль тогтоогч, үндэсний батлан хамгаалах хорооны гишүүн Юү Ён Вон мэдээлсэн юм. “Чонгун II системийн Ойрх Дорнодын орнууд болон дэлхийн бусад зах зээл дэх эрэлт хэрэгцээг үргэлжлүүлэн хангахын тулд бид хууль эрх зүй, бодлогын бүрэн дэмжлэг үзүүлэхэд хүчин чармайлтаа дайчлах болно” гэж тэр мэдэгджээ. Баллистик пуужин болон нисэх онгоцны довтолгоог эсэргүүцэх дунд тусгалын газар-агаар ангиллын Чонгун II систем нь дөрвөн харвах төхөөрөмж, радар, галын хяналтын төвөөс бүрддэг. Уг систем баллистик пуужинг 20 км зайнаас 15 км-ийн өндөрт устгах чадвартай юм байна. Нисэх онгоцны хувьд 50 км зайнаас 20 хүртэл километрийн өндөрт устгах чадвартай ажээ. Эх сурвалж: Korea Times

Share this post: