TheMongoliaTime

Д.Мөнх-Эрдэнэ: Тагнуулын Ерөнхий Газарт бүртгэлтэй 894 албаны нууцыг цаашид ил болгоно

2026-03-04 - 07:27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр "Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг өргөн барихаар шийдвэрлэсэн" талаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. Тэрбээр "Энэ хууль бол одоо үйлчилж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуулиудын шинэчилсэн найруулга гэсэн үг. Гол өөрчлөлт нь төрийн байгууллага, албан тушаалтнууд "албаны нууц" хэмээн дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсан эрх зүйн зохицуулалтыг хуулиас хасахаар оруулж ирж байна. Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-т бүртгэлтэй байгаагаар 894 албаны нууц бий. Эдгээр албаны нууцыг цаашид ил болгоно гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллагын бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийж байгаа томоохон зарчмын хуулийн төсөл болж байна. Бид энэ хуулийн төслөө ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" гэлээ.

Share this post: