Италийн мафийн цуутай толгойлогч 87 насандаа шоронд таалал төгсжээ
2026-03-04 - 04:18
Италийн гэмт хэргийн ертөнцийн хамгийн аюултай хүмүүсийн нэг гэгддэг байсан Сицилийн мафийн босс Бенедетто “Нитто” Сантапаола 87 насандаа шоронд таалал төгсжээ. 1980-1990-ээд оны үед Италид гарсан олон цуст аллагын захиалагч гэгддэг тэрбээр хэд хэдэн удаагийн бүх насаар хоригдох ял эдэлж байсан Миланы шоронд Даваа гарагт нас барсныг албаныхан мэдээлсэн байна. Түүний үхлийн шалтгааныг тогтоохын тулд задлан шинжилгээ хийхээр болжээ. Сантапаола нь шоронд хоригдохоосоо өмнө Сицилийн мафийн түүхэнд төрсөн хамгийн хүчирхэг толгойлогчдын нэгд тооцогдож, “боссуудын босс” гэгддэг Тото Рийна, Коза Нострагийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Бернардо Провензано нартай зиндаархдаг байв. Тэрбээр Катаниа хотод амьдарч, тэндээсээ Сицил арлын зүүн хагасын ихэнх хэсгийг хянадаг байжээ. Сантапаолагийн холбоотой томоохон аллагуудын нэг нь 1992 оны тавдугаар сард Капачи хотод мафитай тэмцэгч прокурор Жованни Фалконе, түүний эхнэр Франческа Морвилло, тэдний гурван бие хамгаалагчийн амийг хөнөөсөн бөмбөгдөлт байлаа. Арав гаруй жил цагдаа нараас оргож зугтаж явсан Сантапаолаг 1993 онд Катаниа хотын гаднах фермд эхнэр Кармела Миннититэй хамт байхад нь баривчилжээ. Үүнээс хоёр жилийн дараа эхнэрийг нь өрсөлдөгч мафийн гишүүн Жюзеппе Фероне өшөө авалтын сэдлээр буудаж хөнөөсөн юм. 1984 онд эрэн сурвалжлах сэтгүүлч Жюзеппе Фавагийн амийг хөнөөх тушаал өгснийхөө төлөө тэр 2003 онд бүх насаар хоригдох ял сонсож байжээ. Фава тухайн үед Катаниа хотод хамаатныхаа тоглолтыг үзэхээр театрт очсоныхоо дараа автомашин дотор таван удаа буудуулж алагдсан юм. Фавагийн хүү, Европын парламентын гишүүн асан, Сицилийн мафийн эсрэг хорооны тэргүүн асан Клаудио эцгийнхээ алуурчинтай шоронд уулзаж байснаа дурсан ярьжээ. “Тэр намайг хараад шууд таньсан. Тэгээд торны цаанаас ойртож ирээд өөрийгөө буруугүйг, бас тэнгэрт уулзахаараа аавтай минь гар барихаа амлаж байсан. Би түүний ярихыг чимээгүй сонссон. Надад энэ нь эмгэнэлтэй жүжиг мэт санагдаж байлаа” гэж тэр ярьсан байна. Клаудиог алах тушаалыг Сантапаола хоёр ч удаа өгч, түүнийг цагдаагийн хамгаалалт дор амьдрахад хүргэж байжээ. Мөрдөгчдийн үзэж байгаагаар тэр шоронгоос өөрийн итгэлтэй хүмүүсээр дамжуулан мафиа удирдсаар байсан гэнэ. Тэрбээр бусад боссуудын нэгэн адил прокуроруудтай хамтран ажиллахаас эрс татгалзаж, бүх нууцтайгаа хамт нас барсан байна. “Тэр өөрийг нь Коза Нострагийн хаан ширээнд суух баталгаа болж байсан хамгаалагчдынхаа нэрсийг дотроо хадгалсан хэвээр дууслаа. Түүний эрх мэдлээс ашиг хүртсэн хүмүүсийн дунд сэтгүүлчид, прокурорууд, цагдаагийн офицерууд, хурандаа нар, хэвлэн нийтлэгчид гээд бүхэл бүтэн хотын хүн ам байсан. Тэр жилүүдийн дурсамжийг Сантапаола 33 жилийн турш шоронд хадгалсаар одоо хамт булшлагдаж байна” гэж Клаудио Фава ярьжээ. Эх сурвалж: Associated Press