TheMongoliaTime

Өнөөдөр эхэлсэн Балбын сонгуулийн санал хураалтын өмнө нийслэл Катманду хотоос 800,000 хүн гарч явжээ

2026-03-05 - 03:47

Хималайн уулсын дунд оршдог Балба улсад өнөөдөр парламентын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт уг сонгуульд саналаа өгөхийн тулд тус улсын нийслэл Катманду хот болон түүний ойр орчмын бүс нутгаас 800,000 орчим хүн төрөлх нутгаа зорьжээ. Балбын 30 сая хүн амын арав орчим хувь нь Катмандугийн хөндий хэмээх энэ бүс нутагт ажиллаж, амьдардаг. Хуулийн дагуу тус улсын иргэд зөвхөн өөрийн бүртгэлтэй тойрогт буюу ихэвчлэн төрсөн газраа санал өгдөг тул сүүлийн долоо хоногийн турш Катмандугаас гарах хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын түгжрэл олон цагаар үргэлжилж байв. 2025 оны есдүгээр сард залуусын тэргүүлсэн авлигын эсрэг жагсаал тэмцлийн үр дүнд Балбын засгийн газар унасан. Энэ үйл явдлаас хойш анхны парламентын сонгууль болж буй тул иргэд урьд урьдынхаас илүү идэвхтэй оролцож байна. Балбын 19 сая сонгогч өнөөдөр саналаа өгөх бөгөөд тэдний нэг сая орчим нь анх удаа санал өгч байгаа. Тэд парламентын 275 гишүүнийг сонгох юм. Гишүүдийн 165 нь тойргоос, үлдсэн нь пропорционал төлөөллийн аргаар сонгогдоно. Сонгуульд нэр дэвшиж буй 3,400 орчим хүний гуравны нэг нь 40-өөс доош насныхан байгаа юм. Хамгийн их анхаарал татсан өрсөлдөөн ерөнхий сайд асан К.П.Шарма Олигийн тойрогт болох гэнэ. Өнгөрсөн оны жагсаал тэмцлийн үеэр огцорсон Оли парламентын суудлаа хадгалахыг хүсэж байгаа. Түүнтэй эрх баригчдыг шүүмжилсэн утгатай дуунуудаараа алдаршсан реппэр Балендра Шах өрсөлдөж байна. Эх сурвалж: BBC

Share this post: