TheMongoliaTime

"Энэ онд 780 тэрбум төгрөгийн төсөвтэй Туулын хурдны зам төслийн талбайд 70 инженер ажиллаж байна" гэлээ

2026-03-04 - 04:18

Туулын хурдны зам төслийн газар шорооны бэлтгэл ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болоод буй. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 70 инженер, техникийн ажилтан 56 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байгаа аж. Барилгын материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезын хэмжилт бүрэн дууссан бол инженер-геологийн судалгааны хүрээнд нийт 40 цооног өрөмджээ. Харин судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн байна. Авто замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагуудаар батлуулж, авто зам, гүүр, хоолой болон үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төсөл 94.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд гүүр, хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Туулын хурдны зам төслийн хүрээнд нийт долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц барина. Нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий уг хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ. Тус замын бүтээн байгуулалтын ажилд энэ онд нийслэлийн төсвөөс 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ. Хонконгийн "ХаоЮань групп" ХХК Туулын хурдны замыг барих тендерт шалгараад байгаа билээ.

Share this post: