Монгол дахь цахим залилангийн хохирол болох 694 тэрбум төгрөг хаачив?
2026-03-20 - 07:03
Цахим орчинд суурилсан залилан, кибер гэмт хэргийн тоо Монголд хурдацтай өсөж олон нийтийн санхүү, мэдээллийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээллээр 2025 онд цахим залилангийн улмаас 694 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн таван жилд 296 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 2025 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдсэн нь энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг харуулж байна. Тэгвэл эдгээр нөхцөлд хэрэглэгчдийг мэдээллийн орчинд илүү мэдлэгтэй, болгоомжтой байхад дэмжих зорилгоор Юнител групп “Үлгэрт л байдаг” нэртэй нийгмийн нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна. Уг кампанит ажлын гол зорилго нь хэрэглэгчдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, онлайн залилангийн тархалтыг бууруулахад чиглэжээ. Сүүлийн жилүүдэд цахим залилан улам боловсронгуй болж, олон нийтийг төөрөгдүүлэх аргууд нэмэгдсээр байна. Жишээлбэл, "Хялбар аргаар мөнгөтэй болгоно", "Хөрөнгө оруулбал богино хугацаанд ашиг олно", "Азтан боллоо, үнэгүй бэлэг аваарай" гэх мэт буруу амлалтууд нь хэрэглэгчдийг хуурч, хувийн мэдээллийг нь авахад чиглэгдсэн гэмт хэргүүд ихсэх болсон тул та бүхэн дараах аргуудыг туршиж цахим залилангаас сэргийлээрэй. Юнителийн зүгээс үнэгүй бэлэг, үнэгүй урамшуулал нь бодит амьдрал дээр байдаггүй ба зөвхөн үлгэрт л байдаг гэсэн санааг бидний үзэж өссөн үлгэрийн түүхүүдээр дамжуулан анхааруулж байна. Хуурамч холбоос дээр дарах, танихгүй хүнд хувийн мэдээллээ өгөх нь данс руу халдах, нууц үг алдагдах өндөр эрсдэлийг бий болгодог. Тиймээс цахим орчинд илүү хянамгай, илүү хашир байцгаая. Нөгөө талаар цахим орчны эрсдэл зөвхөн насанд хүрэгчдэд бус, хүүхдүүдэд ч хамаатай асуудал болж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд онлайн орчинд танихгүй хүмүүстэй харилцах, тэдэнд итгэж хувийн мэдээллээ хуваалцах зэрэг нь сэтгэл санаа, бие махбодын хохиролд учруулах эрсдэлтэй. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, ашигладаг сошиал апп-ууд дээр нь Parental Control тохиргоог идэвхжүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр та бүхэн хүүхдийнхээ дижитал хэрэглээнд илүү анхаарч, аюулгүй байдлыг нь хангах боломжтой юм. Танд зориулсан зөвлөмж Та өөрийгөө болон гэр бүлээ цахим эрсдэлээс хамгаалахын тулд дараах алхмуудыг мөрдөөрэй: ✔ Цахим хаягийн verified badge (цэнхэр тэмдэглэгээ) байгаа эсэхийг шалгах ✔ Байгууллагын албан ёсны нэршил, лого, контентыг нягтлах ✔ Чанаргүй зураг, зохисгүй контент ашиглаж байгаа эсэхийг анзаарах ✔ Баталгаагүй, хурдан ашиг амласан сурталчилгаанд автахгүй байх ✔ Нууц үг, дансны мэдээлэл, баталгаажуулах код-оо хэзээ ч бусдад өгөхгүй байх