Сайжруулсан шахмал түлшний угаарын улмаас хохирсон иргэдийн гомдлыг шүүх хэлэлцээд, 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ
2026-03-05 - 06:16
Угаарын хийн хордлогын улмаас амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хохиролд "Тавантолгой түлш" ХХК-аас нөхөн төлбөр олгуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар АН-аас мэдээллээ. Хуульч Н.Ариунболд “2019 онд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Түүнээс хойш сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон маш олон тохиолдол гарсан. Утааны сонсголын үеэр шахмал түлшний улмаас 800 орчим хүн нас барсан гэдэг мэдээлэл цацагдаж байсныг та бүхэн санаж байгаа байх. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшний угаарын хийд хордож бага насны хүүхэд нас барсан, ээж нь хамт угаартаад хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан хүмүүс хуульчдад хандсанаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргаан 5-6 жил үргэлжилсээр 2026 оны нэгдүгээр сард Иргэний хэргийн давж заалдах шүүхээс тухайн иргэний хохиролд 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас гаргуулахаар шийдвэрлээд байна. Үйлдвэрлэгчийн хувиар “Тавантолгой түлш” компаниас тухайн үед шахмал түлш нь бүх төрлийн зууханд таарна гэдэг сурталчилгаа явуулж байсан. Үүнээс болж иргэд энгийн зууханд шахмал түлш шатааснаас угаартаж хохирсон. Шүүхээс “Тавантолгой түлш” компанийг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай, Стандартын тухай хууль тогтоомжийг мөрдөөгүй гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл 100 орчим мянган өрх стандартын шаардлага хангаагүй зуух, эрсдэлтэй нөхцөлд байна. Тиймээс ийм нөхцөлд байгаа иргэд хуульч, өмгөөлөгчид хандаж хуулийн зөвлөгөө аваасай гэдэг үүднээс энэ талаар мэдээлж байгаа юм” гэлээ.