ЗӨВЛӨГӨӨ: Бид 60:60-ын дүрмийг баримталбал сонсголоо хамгаалж чадна
2026-03-03 - 06:06
Жил бүрийн гуравдугаар сарын 03-ны өдрийг ДЭМБ-аас иргэдэд сонсголоо хамгаалах энгийн боловч үр дүнтэй дадлыг хэвшүүлэхийг уриалж “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй 7.6 мянган иргэн, үүнээс 0-18 насны сонсголын бэрхшээлтэй 894 хүүхэд байна. Энэ цаг үед чихэвчний дуу хөгжмийн хэт хэрэглээнээс үүдэн залуусын дунд сонсгол буурах, ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох бодит эрсдэл байгаа. Таны өнөөдрийн дадал зуршил ирээдүйг тань тодорхойлно гэж Улсын Гуравдугаар төв эмнэлгийн сонсгол судлалын эмч Д.Оюунзул хэлж байсан. Тэгвэл хүн амын сонсголын эрүүл мэндтэй холбоотойгоор түүний өгсөн зөвлөгөөг хүргэе. Автобус унаанд сууж яваа залуусыг харахад ихэнх нь чихэвч зүүдэг. Чихэвчний хөгжим хажуу талд нь сууж байгаа хүнд шууд сонсогдохоор тийм чанга. Юу сонсож байгааг нь бараг хамт сонсож байна. Энэ нь дүлийрэлд хүргэх эрсдэлтэй. Хүний эрүүл ахуйн сонсох хэмжээ 85 децибел байвал чихэнд хор нөлөөгүй. Харин түүнээс дээш хэмжээтэй болговол сонсголын мэдрэлийн эсүүдийг үхүүлдэг. Хоёрдугаарт чихэвчний хөгжим сонсоод явж байхдаа осол аваарт өртсөн олон гашуун сургамж бий. Мэдэхгүйгээр дээрээс нь юм унаад хүний амийг хохироодог, автомашины осолд ордог. Бид 60:60-ын дүрмийг баримталбал сонсголоо хамгаалж чадна. Энэ дүрмийг тайлбарлая. Нэгдүгээрт хөгжмийнхөө дууны түвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй. Хоёрдугаарт өдөрт 60 минут сонсох нь хангалттай хугацаа. Та бүхэн дээрх дүрмийг баримталж чаддаг уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв хоногт олон цаг чихэвч хэрэглэдэг, дуу авиан түвшнийг чангалдаг бол анхаар. Дууг нь нэмэгдүүлэхэд утсан дээр улаан зураастай тэмдэглэгээ гараад ирдгийг мэдэх байх. Энэ бол 60 хувиас хэтэрч, таны чих гэмтэх аюултай болж байгааг илэрхийлэх дохио. Хүний чихэн дотор сонсголыг мэдэрдэг сормууслаг эсүүд бий. Чанга авианы нөлөөгөөр тоотой хэдхэн ширхэг сонсголын эсүүд маань гэмтээд үхчихдэг гэсэн үг. Харамсалтай нь нэгэнт үхсэн сонсголын сормууслаг эс хэзээ ч эргэж сэргэхгүй. Тэр хүн хэдэн насандаа чанга дуу авианд өртсөн бэ? Магадгүй бага залуу, өсвөр насандаа чанга дуу авиаг давтамжтай сонсвол 10, 20, 30 жилийн дараа дүлийрэх эрсдэлтэй. Мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсголын бууралтай үед өндөр давтамжийн буюу нарийхан дуу чимээг сонсохоо больчихдог. Харин өтгөн буюу бүдүүн авиагаа хэвийн сонсдог. Хүн 15-20 децибел болон түүнээс дээш сонсож байвал хэвийн түвшинд байна гэж үзнэ. Шинж тэмдэг нь Телевизийнхээ дууг чангалах Харилцан ярилцах үед дахин давтамжтайгаар "Айн" гэж асуух Араас нь дуудахад эргэж харахгүй гэх мэтчилэн. Дээрх шинж тэмдэг ажиглагдвал хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандаад сонсголоо шалгуулах ёстой. Ирээдүйг сонсохын тулд сонсголоо шалгуул гэдэг шүү дээ. Чанга дуу авиа нь аажим аажмаар таны эсүүдийг бууруулсаар магадгүй 10 жилийн дараа дүлийрэхэд хүргэдэг учраас тайвширч, хайнга хандаж болохгүй. "Хүн сонсголоо алдвал давхар маш олон боломжийг алддаг. Наад зах нь сонсголгүй хүн суралцаж, боловсроход төвөгтэй болно. Энэ нь ирээдүйн ажил, мэргэжилд ч нөлөөлнө. Залуус минь ийм нөхцөл орчхоод харамсаад суух биш эхээс төрсөн эрүүл биеэ бодох" хэмээн сонсгол судлалын эмч Д.Оюунзул зөвлөсөн байдаг.