Дүүжин замын тээвэр төслийн нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьд хүрчээ
2026-02-03 - 00:08
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилж, системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар цахилгааны самбар угсрах, тоног төхөөрөмжийг байршуулах болон холболтын схемийг боловсруулж эхэлжээ. Түүнчлэн Өнөр хороолол-Яармаг, Арцат буудлууд болон 19 тулгуур баганын шон суурийн өрөмдлөг, арматур, бетон цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, баганын холбоос хавтангийн суурь, 98 ширхэг кабины гараашны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр дүүжин замын тээвэр төслийн нийт ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна гэж албаны эх сурвалжууд мэдээллээ. Төсөлд шаардлагатай бараа материалыг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолж байгаа бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелуудыг агуулахад буулгажээ. Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай байх юм. Үүний 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Төслийг Францын “Пома” групп хариуцан гүйцэтгэж, дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй. Яармагаас Хархорин зах хүртэл иргэдэд үйлчлэх дүүжин замын тээвэр төслийг Франц улсын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа билээ.