TheMongoliaTime

Таван шарын нүхэн гарцны усыг зайлуулах 400 кВА хүчин чадалтай дэд станц удахгүй ашиглалтад орно

2026-03-06 - 00:46

Таван шарын төмөр замын гармын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээгээд буй. Төслийн хүрээнд авто зам төдийгүй 16,000 м.кв талбайд ногоон байгууламж байгуулж, 2,900 метр урт гэрэлтүүлгийн кабель татсанаас гадна 400 кВА хүчин чадалтай дэд станцыг угсарч, ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлэв. Ингэснээр борооны ус зайлуулах насос станц найдвартай эрчим хүчээр тэжээгдэж, хаврын шар усны үер болон зуны аадар борооны үед нүхэн гарц усанд автах эрсдэлээс бүрэн сэргийлэх аж. Ус хуримтлагдсан тохиолдолд насосны систем автоматаар ажиллаж, усыг шуурхай зайлуулах шийдэлтэй байна. Харин иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах 90 метр урт явган хүний гүүрэн гарц нь гурван орц гарцтай, 93 шон суурьтай. Уг байгууламжийн барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор тулгуурын ажил хийгдэж байгаа юм. Тус гүүрэн гарцыг энэ оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл зорчдог байна.

Share this post: