TheMongoliaTime

М.Буяндэлгэр: Хүүхдийн паркийг Стадионтой холбосон 4 метр өндөр, 600 метр урт унадаг дугуйн гүүр барина

2026-03-27 - 08:03

Энэ онд нийслэлийн хэмжээнд 94.1 километр явган хүний болон дугуйн зам барихаар төлөвлөснөөс хотын төв рүү чиглэсэн нийт 55 километр урт, 2.9 километр гүүрэн гарцтай дугуйн гүүрэн байгууламж барих шийдэлд хүрчээ. Уг байгууламжийн талаар Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр "Улаанбаатар хот 72.3 километр урт дугуйн замтай. Тухайлбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур Улиастайн гүүр хүртэл, СЭЗИС-аас Офицеруудын ордон, 3, 4 дүгээр хорооллын хойд хэсэгт дугуйн зам байдаг. Эдгээр зам нь иргэд амралтын өдрөөр очиж дасгал хөдөлгөөн хийх зориулалттай байна. Бодлогын судалгаа хийж, энэхүү 72.3 километр урт дугуйн замыг хотын төв рүү чиглэсэн зам болгоё гэж үзэж байгаа. Энэ зам нь хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт Улаанбаатар хотын төвийг дугуйн замын хэсгүүдтэй холбох Хоёрдугаарт Парк, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хооронд автомашин болон төмөр замтай огтлолцохгүйгээр давхар замын байдлаар дугуйн зам барихаар төлөвлөсөн. Хотын төв рүү чиглэсэн нийт 55 километр дугуйн замаас эхний ээлжид Хүүхдийн парк болон Стадионыг холбосон 600 метр урттай дугуйн болон явган хүний зам, гүүрэн гарцын зураг, төсөв хийгдээд байна. Тодруулбал Хүүхдийн паркаас Стадион хүртэл 4 метр өндөр, 11 метрийн өргөн, 600 метр урт унадаг дугуйн гүүрэн байгууламж барина. Уг замын өргөний 6 метр нь дугуйн зам, 5.1 метр нь явган хүний зам байх юм. Ингэснээр дөрвөн хэсэг газрын оршин суугчдыг дугуйн болон явган хүний замаар бүрэн хангана. Үүнд: 120 мянгат, Улаанбаатар сувилал орчимд 26,038 иргэн бий. Энд 12,510 машин авто замын хөдөлгөөнд оролцож, өдөрт 29,031 зорчилт хөдөлгөөн хийгддэг хэсэг. Хурд, Хан хилсс, Жапан таун, Хүннү, Ривер гарден орчмын хороололд 51,945 хүн амьдардаг, 12,510 автомашинтай, өдөрт 65,047 зорчилт хийж байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Баянмонгол, Дүнжингарав хороололд 25,481 хүн амьдардаг бөгөөд 6,145 машинтай, өдөрт 30,348 зорчилт хөдөлгөөн хийдэг. Хүүхдийн парк орчимд 35,459 хүн амьдардаг, 6,238 машинтай бөгөөд өдөрт 41,000 зорчилтыг хийдэг байна. Эдгээр иргэн автомашинаас хамааралгүйгээр дугуйн гүүрэн байгууламжаар зорчих боломжтой болно. Унадаг дугуйн гүүрэн байгууламж баригдсанаар Улаанбаатар хотын дөрвөн бүсэд амьдарч байгаа 138,000 иргэн 165,000 зорчилтыг явган хүний болон дугуйн замаар хийх боломж бүрдэж байгаа юм" гэж танилцууллаа. Энэ онд дугуйн замын зураг, төсөвт нийслэлийн төсвөөс 266 сая төгрөгийг зарцуулахаар баталжээ.

Share this post: