TheMongoliaTime

Кожима Хирото: Дроны мэдрэгч технологиор 3D загвар боловсруулж Улаанбаатар хотын төлөвлөлтөд ашиглах боломжтой

2026-03-09 - 04:17

Өнгөрсөн оны есдүгээр сард Япон Улсын Газрын, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны(ГДБТАЖЯ) дэд сайд Улаанбаатар хотод айлчилж, хотын удирдлагуудтай уулзан хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр санал солилцож байв. Энэ удаад Япон улсын Газрын, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам /ГДБТАЖЯ/-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото болон “Ниппон Коэй” ХХК-ийн төлөөлөгчид нийслэл хотод иржээ. Тэд Япон улсаас хэрэгжүүлж буй “Ухаалаг хот” туршилтын судалгааны үр дүн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, технологийн шийдлүүдийн талаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын удирдлагуудтай санал солилцсон байна. Тодруулбал өнгөрсөн онд Улаанбаатар хотод дроны мэдрэгч технологийг ашиглан хотын 3D загвар бүтээж, нислэгийн хамгийн оновчтой чиглэлийг магадалж, замын хөдөлгөөний урсацтай харьцуулах туршилтыг хийжээ. Энэ тухай Япон улсын ГДБТАЖЯ-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото “Бид “Ухаалаг хот” төслийн хүрээнд дроноор цусыг яаралтай тээвэрлэх болон маршрут чиглэлийг нээх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хоорондох маршрутыг 3D скан хийх нислэгийг туршиж, 3D цэгэн үүлэн загварыг боловсруулсан. Ийнхүү илүү өндрийн нарийвчлалтай мэдээлэлд үндэслэн хамгийн зохистой байх маршрутыг судалж, туршсан. Ингэснээр цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө хэмнэж буйг нотолсон юм. Уг технологийн шийдлийг зөвхөн тээвэрлэлтэд ашиглаад зогсохгүй хот төлөвлөлтөд ашиглах боломжтой. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийлсэн байна. Нийслэлийн 2026 оны төсөвт Ухаалаг Улаанбаатар "Смарт сити" төсөлд нийт 5.9 тэрбум төгрөгийг төсөвлөснөөс энэ онд 2.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

Share this post: