TheMongoliaTime

Автобусны хөгжмөө чангалаад иргэний шаардлагыг хүлээж авахгүй байсан жолоочийг 25,000 төгрөгөөр торгожээ

2026-03-13 - 00:07

Энэ долоо хоногт нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаар иргэдээс ирсэн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас танилцууллаа. Зарим иргэн автобус цэвэрхэн, жолооч зөв, боловсон харьцаж байна, мартаад буусан зүйлийг хямгадаж, хүлээлгэж өглөө хэмээн талархсан бол автобусны жолооч буудал дээрээ зогсоогүй, суухын завдалгүй яваад өгсөн, жолооч хөгжмөө чангалаад шаардлага тавихаар хүлээж авахгүй байсан гэж гомдол гаргажээ. Гомдлын дагуу шалгаж зарим жолоочид сануулга өгч, харин хөгжмөө чангалаад иргэний шаардлагыг хүлээж авахгүй байсан жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болохыг нийтэд мэдээлэв. Нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаарх санал, гомдол, талархлыг 70044040 дугаарын утсаар болон https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд илгээх боломжтой байна. Зөрчлийн тухай хуулиас: 14.6 дугаар зүйл.Автотээврийн тухай хууль зөрчих 9.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Share this post: