TheMongoliaTime

"Баянзүрхээс 22-ын товчоо хүртэл 10 орчим минут давхиад хүрэх Туулын хурдны замын зорчих хэсгийг ирэх жилийн наадмаар нээнэ" гэж амлав

2026-03-16 - 00:07

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 33 километр урт, 6 эгнээ авто замын бүтээн байгуулалтын ажил өчигдөр(2026.03.15) эхэлжээ. Уг зам нь нийт 12,800 урт метр хүчитгэсэн төмөрбетон гүүр, “Exit” хоёр түвшний огтлолцол найман байршилд, долоон байршилд 369 урт метр туннель, долоон орц гарцтай байх бол хотын төвдөө 13 орчим км урт гүүрэн байгууламжтай баригдах аж. Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Дөрөвдүгээр сарын 15-нд газар чөлөөлөлт дуусаж, инженерийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Туулын хурдны зам төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулна. Ирэх жилийн наадмаар буюу 2027 оны долоодугаар сарын 10-ны өдөр зорчих хэсгийг нээх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Инженер, техникийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, техникийн нөхцөлүүдийг чанд мөрдөж ажиллахыг хүсье. Туулын хурдны замын төсөлд Монгол Улсад үйлдвэрлэсэн төмөр бетон эдлэл, цемент ашиглана. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулна. Нэмж 2,000 ажиллах хүч авна. Замын бүтээн байгуулалтыг дуустал хөдөлгөөн зохион байгуулалтад соёлтой оролцохыг хотын иргэдээсээ хүсье. Нэг л жил тэсчихвэл тус замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ. Тус зам ашиглалтад орсноор Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл 10 орчим минут давхиад хүрнэ” гэв. Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарчээ. “ХаоЮань групп” ХХК-ийн зүгээс “Туулын хурдны замын бүтээн байгуулалтад аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, чанарыг эрхэмлэж, байгаль орчныг хамгаалах зарчмыг чанд мөрдөж, захиалагч болон иргэдийн хүсэн хүлээсэн чанартай бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөх болно” гэдгээ илэрхийлжээ. Тус компани инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани бөгөөд Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбартай Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Зөвхөн дэд бүтцийн салбарт гэхэд олон улсын хэмжээнд 1,000 гаруй км төмөр зам, 1,500 гаруй км авто замыг амжилттай барьж, ашиглалтад оруулжээ. Туулын хурдны зам төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон хот доторх анхны хурдны зам болох гэнэ. Нийслэлийн төсөв болон Замын сангийн 2.3 их наяд төгрөгөөр Туулын хурдны замыг барих бөгөөд энэ онд 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

Share this post: