TheMongoliaTime

Квантын компьютерууд 2029 он гэхэд ихэнх нууцлалын системүүдийг “эвдэж чаддаг” болохыг Google анхаарууллаа

2026-03-27 - 02:03

2029 он гэхэд квантын компьютерууд ихэнх нууцлалын системүүдийг эвдэх чадвартай болох тул үүнд бэлтгэлтэй байхыг банкнууд, засгийн газрууд, технологийн үйлчилгээ үзүүлэгчдэд Google компани анхааруулжээ. Тус компани өөрийн блогт “энэ арваны сүүлээр квант компьютерууд одоогийн криптографийн стандартад ноцтой аюул учруулахаар байна” гэж анхааруулсан байна. “Таны мэдээллийг нууцалж, аюулгүй байлгахын тулд одоо ашиглагдаж буй шифрлэлтийн системийг ирэх жилүүдэд томоохон квантын компьютер амархан эвддэг болж болзошгүй” гэж мэдэгдэлд цааш нь үргэлжлүүлжээ. Google, Microsoft компаниуд болон АНУ, Их Британийн их сургуулиуд квант механикийн физикийг ашиглан маш нарийн математик тооцоолол гүйцэтгэдэг системүүдийг бүтээж байгаа. Ийм системүүдийг бүтээхэд маш хэцүү тул одоогоор шинжлэх ухааны нарийн төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэх хэмжээнд хүрээгүй байгаа юм. Хүчтэй квантын компьютерыг ажиллуулахын тулд хэдэн зуун мянга, бүр хэдэн сая квант бит буюу кубитыг тогтвортой төлөвт байлгах хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд физик, технологийн хүнд сорилт бэрхшээлүүдийг давах шаардлагатай байдаг. Google өөрөө квант криптографийн шилжилтийг баталгаажуулалтын системд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба бусад хөгжүүлэгчдэд энэ жишгийг дагахыг уриалжээ. Мэргэжилтнүүд квантын компьютер ийм түвшинд хүрэх хугацааг ерөнхийдөө 2030-2050 оны хооронд гэж үздэг. Өнгөрсөн онд Их Британийн кибер аюулгүй байдлын агентлаг 2035 он гэхэд системээ квантын хакеруудаас хамгаалж чаддаг болохыг байгууллагуудад уриалж байв. Google компанийн анхааруулга нь технологийн салбарынханд одоогоос эхлэн илүү дэвшилтэт шифрлэлтийн арга хэрэгсэлд шилжиж, ирээдүйн аюулаас чухал өгөгдлөө хамгаалахыг сануулж байна. Учир нь квантын компьютерын ирээдүйн чадалд найдсан хакерууд “одоо хадгал, сүүлд тайл” зарчмаар ажиллаж эхлэх магадлалтай юм. Эх сурвалж: Reuters

Share this post: