TheMongoliaTime

Ираны дайны улмаас баррель газрын тосны үнэ 2022 оноос хойш анх удаагаа $100-ыг давлаа

2026-03-09 - 02:48

Ойрх Дорнодод дайн үргэлжилж, өдөр бүр зах зээлээс 20 сая баррель газрын тос арчигдаж байгаагийн улмаас уг түүхий эдийн баррель тутмын үнэ 2022 оноос хойш анх удаагаа $100-ыг давлаа. Шинэ долоо хоногийн арилжаа өнөөдөр Ази, Номхон далайн орнуудын зах зээлд нээгдэхэд Брент төрлийн газрын тосны үнэ 16.6 хувиар өсөж, $108.10 хүрсэн байна. Өмнө нь Орос улс Украины нутагт халдан довтолсон 2022 онд газрын тосны үнэ ханш энэ түвшинд хүрч байжээ. АНУ-ын жишиг хэмжүүр болох WTI (West Texas Intermediate) төрлийн түүхий газрын тосны баррель тутмын үнэ бас 19.6 хувиар өсөж, $108.72 хүрсэн байна. Зах зээл хаалттай байх үеийн арилжааны мэдээллээс харвал Уолл Стритийн индексүүд Даваа гарагийг уналтаар эхлүүлэх төлөвтэй болжээ. Ням гарагт хэвлэлд ярихдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп газрын тосны үнийн өсөлтийг “АНУ болон дэлхий дахины аюулгүй байдлыг хангахын тулд гаргаж буй багахан зардал”, энэхүү дайны “богино хугацааны үр дагавар” гэх зэргээр тодорхойлж байв. Сүүлд тэр газрын тосны үнийг “Ираны цөмийн аюул занал алга болоход буцаад хурдан буурна” гэж сошиал хуудсандаа бичжээ. Түүхий газрын тосны баррель тутмын үнэ энэ оны эхээр $60 гаруй байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Катарын эрчим хүчний сайд хэрвээ дайн энэ хэвээр үргэлжилбэл Персийн булангийн бүх экспортлогчид хэдхэн долоо хоногийн дотор үйлдвэрлэлээ зогсооход хүрч, газрын тосны баррель тутмын үнэ $150 хүртэл өсөж болзошгүйг анхааруулж байв. Энэ нь Персийн булангийн экспортын гол зам болох Ормузын хоолой Ираны дайны улмаас хаагдвал Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт дэх газрын тос хадгалах байгууламжуудын багтаамж дүүрч, нэмж үйлдвэрлэх боломжгүй болохыг хэлсэн хэрэг байв. Ираны Хувьсгалт Гвард саяхан дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн тавны нэг дайран өнгөрдөг Ормузын хоолойгоор нэвтрэх гэсэн ямар ч хөлгийг галдан шатаахаа анхааруулсан юм. Эх сурвалж: Reuters

Share this post: