2016 оны сонгуульд ялахад нь Оросын нөлөө орсон эсэхийг шалгаж байсан тусгай прокурор нас барахад Трамп баярлав
2026-03-22 - 03:04
Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын тэргүүлэх хууль сахиулах байгууллагыг терроризмтой тэмцэх хүчин болгон хувиргаж байсан Холбооны Мөрдөх Товчооны дарга асан Роберт С.Мюллер III өчигдөр 81 насандаа таалал төгсжээ. Тэрбээр хожим Дональд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахад Оросын нөлөө байсан эсэхийг мөрдөн шалгах тусгай прокуророор ажиллаж байсан юм. “Боб нас барсан тухай гунигт мэдээг хуваалцах болсондоо гүнээ харамсаж байна” гэж түүний гэр бүлийнхэн Бямба гарагт мэдэгдээд хувийн нууцыг нь хүндэтгэхийг хүссэн байна. Уг мэдэгдэлд Вьетнамын дайны ахмад дайчин Мюллерийн үхлийн шалтгааныг дурдаагүй юм. Нью Йорк Таймс сонин өнгөрсөн онд түүнийг Паркинсоны өвчнөөр шаналж байгаа тухай мэдээлж байв. Мюллер есдүгээр сарын 11-ний халдлагаас ердөө нэг долоо хоногийн өмнө Холбооны Мөрдөх Товчооны даргаар томилогдож, хоёр намын хоёр ерөнхийлөгчийн засаг захиргааг дамжин 12 жил ажилласан юм. Түүнийг Бүгд Найрамдах Намын ерөнхийлөгч Жорж У. Буш томилж байжээ. Түүний ажилласан жилүүдэд Холбооны Мөрдөх Товчооны гол зорилго дотоодын гэмт хэргүүдийг мөрдөн шалгахаас терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх болж хувирсан гэдэг. 2013 онд ажлаа өгсөн Мюллерийг дөрвөн жилийн дараа АНУ-ын хууль зүйн яам Трампын сонгуулийн кампанит ажилд Оросын нөлөө орсон эсэхийг мөрдөн шалгах ажлыг удирдуулахаар дуудаж байжээ. Мюллер 22 сарын турш ажиллахдаа Трампын хэд хэдэн хамтрагчид, Оросын тагнуулын ажилтнууд, Оросын гурван компанийн ажилтнууд зэрэг 34 хүний эсрэг яллах дүгнэлт гаргаж байв. Гэхдээ тэр эцэстээ Трампыг эрүүгийн хэрэгт буруутгахаас татгалзсан нь Ардчилсан Намын олон гишүүний урмыг хугалсан юм. 2019 онд түүний танилцуулсан 448 хуудас дүгнэлтэд Оросын талаас 2016 оны сонгуулийн нэр дэвшигч Хиллари Клинтоны нэр хүндийг унагах, Дональд Трампыг дэмжих суртал ухуулгын кампанит ажил явуулж байсныг илчилж байжээ. Оросын эрх баригчид үүнийг няцааж байв. Өчигдөр ерөнхийлөгч Трамп сошиал хуудсандаа Мюллер нас барсныг сонсоод баярлаж байгаагаа илэрхийлжээ. “Роберт Мюллер дөнгөж сая нас барсан байна. Сайн хэрэг. Би түүнийг үхсэнд баяртай байна. Тэр гэм зэмгүй хүмүүсийг цаашид хохироож чадахгүй боллоо!” гэж тэр бичсэн байна. Эх сурвалж: Reuters