Б.Энхтүвшин: Шатахуун нөөцлөх 150,000 м.куб багтаамжтай сав барих ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ
2026-03-27 - 04:42
Монгол Улс гуравдугаар сарын 26-ны байдлаар АИ-92 автобензин 45 хоногийн АИ-95 автобензин 72 хоногийн дизелийн түлш 29 хоногийн онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байгааг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ. Мөн хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төсөвт тусгаад буй. Тодруулбал энэ онд багтан 150,000 м.куб шатахууны нөөцийн сав барьж байгуулахаар аж ахуйн нэгжүүдээс хүсэлт авсан бөгөөд Даваа гарагт Монголбанк болон арилжааны банкуудад хүсэлтийг нь хүргүүлснээр дөрөвдүгээр сарын 15-наас бүтээн байгуулалт эхэлнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр мэдэгдэв. Түүнчлэн Дэд сайд Б.Энхтүвшин "Шатахуун, түлшний хангамжтай холбоотойгоор улс орнууд хурдны замыг хязгаарлах, төрийн зохицуулалттай газарт татаас олгох, хэрэглээндээ анхаарахыг иргэддээ уриалах, тодорхой хугацаагаар зайнаас ажиллах боломж гаргах, нийтийн тээвэрт татаас олгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх мэтчилэн олон арга хэмжээ авч байна. Манай улс ч мөн эдгээр хувилбарыг судалж байна. Монгол Улс Хятад улсаас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, Казахстан улсаас мөн нийлүүлэхээр Санамж бичгийн хүрээнд ярилцаж байгаа. Хангамж нийлүүлэлт хэвийн үргэлжлэх тул хомсдол үүсэхгүй" гэлээ.