НЭМҮТ: Монголд 15-49 насны эрэгтэйчүүдийн 57% нь илүүдэл жин, таргалалттай байна
2026-03-05 - 06:56
Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш. Нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна. Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байгааг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс онцолжээ. Монгол улсад: 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53% нь илүүдэл жин, таргалалттай ЕБС-ийн сурагчдын 23.7% нь илүүдэл жин, таргалалттай байна. (ХТҮС VI) Таргалалт нь зүрх судасны өвчин,чихрийн шижин хэв шинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог байна. Хүн амын хоол тэжээлийн байдал ХҮҮХЭД Тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4% өсөлт хоцролттой, 1.5% тураалтай, 11.3% илүүдэл жинтэй байна. ЭРЭГТЭЙЧҮҮД Монгол улсын 15-49 насны эрэгтэйчүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт 57.4% болж 2017 оны түвшнээс 9.4 пунктээр нэмэгдсэн байна. Нийт 15-49 насны эрэгтэйчүүдийн 17.0% таргалалттай, 20-29 насны залуучуудын дунд таргалалтын тархалт 2017 оны түвшнээс өссөн байв. ТӨРӨХ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД Нийт эхчүүдийн талаас илүү хувь (53.0%) илүүдэл жин ба таргалалттай, 18.0% тарган байна. Илүүдэл жин ба таргалалтын тархалт 40-49 насны эхчүүд, гэрлэсэн эмэгтэйчүүдийн дунд харьцангуй их, харин эдийн засгийн бус, орон нутгийн байршил, үндэс угсаа зэрэг бусад сонгосон үзүүлэлтээр ялгаатай бус жигд өндөр байв. ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хоол тэжээлийн цочмог дуталтай буюу туранхай эмэгтэйчүүд харьцангуй бага буюу 1.5% байна. Төвийн бүсийн жирэмсэн эмэгтэйчүүд, гэрлээгүй эмэгтэйчүүдэд (2.6% ба 3.0%) цочмог дутлын тархалт харьцангуй илүү байв. ЕБС-ИЙН 6-18 НАСНЫ ХҮҮХЭД ЕБС-ийн суралцагчдын 2.6% өсөлт хоцролттой, 2.3% туранхай буюу өндөртөө тохирохгүй бага жинтэй, 19.6% илүүдэл жинтэй, харин 6.2% тарган байна. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн суралцагчдын 23.7% нь илүүдэл жин ба таргалалттай байгаа нь 2017 онд хийгдсэн «Хүн амын хоол тэжээлийн байдал» үндэсний Ѵ судалгааны дүн (22.2%)-гээс өссөн байна.