TheMongoliaTime

Ш.Мөнхжаргал: Дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үргэлжилнэ

2026-03-20 - 06:13

Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлаж, өвлийн бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөжээ. Энэ тухай "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал "2026 онд хийгдэх дулааны шугамын засварын төлөвлөлтийг 2025 оны арваннэгдүгээр сард гарсан. Улаанбаатар хотын дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Манай байгууллагаас 10 байршилд 1.2 километр дулааны шугамыг хэсэгчлэн шинэчилнэ. Дэлхийн банк, Европын Сэргээн Босголтын Банкны санхүүжилтээр 3, 4 дүгээр хорооллын Золо маркетийн орчимд 400мм, Толгойтын чиглэлд 400-500мм-тэй шугамыг шинэчлэн солино. Энэ жилийн хамгийн чухал ажил Эрчим хүчний гудамжинд ДЦС-4-аас гарсан 10, 11 дүгээр магистраль шугамыг буулгаж, авто замыг өргөтгөх ажил хийгдэнэ. Нийслэлийн Авто Замын Газар холбогдох байгууллагуудтай хамтарч гүйцэтгэх график батлагдлаа. Уг шугам тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд зогсоно. Мөн зарим байршилд авто зам доогуур хөндлөн гарч байгаа дулааны шугамыг солих ажлууд хийгдэнэ" гэж мэдээллээ.

Share this post: