С.Энхбаяр: Сүүлийн зургаан жилд 1,951 барилга ашиглалтад орсноос 68 хувь нь дулаалгадаа хөөсөнцөр ашигласан
2026-03-19 - 00:04
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн хяналт шалгалтын газар хамтран “Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулж холбогдох төрийн байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод оролцов. Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1,951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад 1,326 буюу 68 хувь нь хөөсөн полистрол хавтан (хөөсөнцөр), 625 буюу 32 хувь нь эрдэс хөвөн (базальт) ашиглаж байгаа нь тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд хөөсөнцөр материалыг хориглосон шийдвэр байхгүйгээс нийт ашиглалтад орж буй барилга, байгууламжид дийлэнх хувьд нь хөөсөн дулаалгын материалын ашиглаж байна. Дулаалгын хөөсөнцөр материал нь үнэ хямд, дотооддоо 100 хувь хэрэгцээг хангадаг боловч эрс тэс уур амьсгал болон орчны эрсдэлд өртөмтгий, галд тэсвэржилт муу байна” хэмээв. Хяналт шалгалтын газарт гадна фасадтай холбоотой 183 гомдол иргэдээс ирсэн байна. Иргэдээс дулаан алдагдал ихтэй, мөөгөнцөртөж, чийгтдэг, хагарал, ан, цав үүссэн, өнгө үзэмж алдагдсан, салхинд хуурч унасан зэрэг түгээмэл гомдол ирдэг байна. Барилгын фасадын материалын насжилтыг 25-40 жил гэдэг ч бодит байдал дээр 10 жилийн дараагаас хуурч унах, дулаан алдах зэрэг асуудал үүсэж эхэлдэг байна. Мөн дулаалгын материалын чанар стандарт хангаж байхад барилгын гүйцэтгэл, угсралтын явцад алдаа гаргаснаас шалтгаалан дээрх асуудлууд үүсэх бас нэг хүчин зүйл болж буйг хэлэлцүүлэгт оролцож буй үйлдвэрлэгчид онцлов. Тус хэлэлцүүлгээр барилгын материалын салбарын хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилт, хяналтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж санал, зөвлөмж нэгтгэж холбогдох байгууллагад хүргүүлэх юм байна. Эх сурвалж: НИТХ-ын хэвлэлийн алба