"Орон сууцны хорооллуудын дундах халуун усны шугамд өдөрт 1-2 гэмтэл гардаг"
2026-03-27 - 00:03
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчингийн долоодугаар байрны дулааны шугамд өчигдөр гэмтэл гарчээ. Энэ тухай Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын Зүүн түгээх төвийн Засварын хэсгийн инженер Б.Шинэбаяр “Бид Хилчингийн долоодугаар байрны 44 айлын халуун усны 24 метр шугамыг засварлаж байна. Энэ гэмтлийг 3-4 цагийн хугацаанд гүйцэтгэж дуусна. Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа нь дууссан шугам сүлжээ их байдаг. ААН-ийн талбайгаар явсан шугам сүлжээ ч олон. Тиймээс аливаа засвар үйлчилгээг хийхдээ ААН-ээс зөвшөөрөл авах зэрэг асуудал гардаг” гэлээ. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлийн мэдээлснээр салбарын тарифын асуудлаас болж шинэчлэл хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. Орон сууцны хорооллуудын дундах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1,000 гаруй айлын халаалт зогсож, халуун усаа хязгаарлуулдаг байна. Харин сүүлийн жилүүдэд орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажилд нийслэлийн төсвөөс 4-15 тэрбум төгрөг зарцуулжээ. Жил бүрийн тавдугаар сарын 15-наас халаалт зогсохтой зэрэгцэн орон сууцны айл өрхүүдийн халуун усыг тасалж, засвар шинэчлэл хийдэг ч дуусаагүй байна.