TheMongoliaTime

ИРГЭН: Гандангийн газрыг м.кв-ыг 1.2 сая төгрөгөөр үнэлж, манай хажуугийн айл газраа чөлөөлөөд 700 гаруй сая төгрөг авсан

2026-03-03 - 08:27

Гандан орчмын газар чөлөөлөлтийн талаар зарим айлд танилцуулах, хийн түлшинд шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай хотын дарга өнөөдөр танилцав. Энэ үеэр 16 дугаар хорооны оршин суугч: Газрыг чөлөөлөхдөө нэг м.кв-ыг 1.2 сая төгрөгөөр үнэлж, хог хаягдал зэрэг бүх юмыг өөрсдөө ачаад аваад явна гэсэн гээд иргэд ам сайтай байна. Хажуу талын айл гэхэд газраа чөлөөлж 700 гаруй сая төгрөгтэй болоод хоёр өрөө байр худалдаж авсан. Мөн Өлзийт хороололд газар өгсөн байна. Хүүхдийнхээ орон сууцны лизингийг ч төлөөд амьдралаа дээшлүүлсэн байна. Хотын дарга Х.Нямбаатар: "Гандангийн эргэн тойрны айлуудыг гомдоохгүйгээр зах зээлийн үнэ ханшаар мөнгийг өгч газрыг чөлөөлж, том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Лам нарын гэрийг Гандангийн хашаанд байлгах талаар Гандантэгчинлэн хийдтэй ярилцана" гэв. Түүний мэдээлснээр Гандангийн дэнжийн 1.8 га газар дээр ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр зураг, төсвийг баталжээ. Гэтэл зураг төсөвт орсон нутаг дэвсгэрээс гурван айл зөвшөөрөөгүй байна. Ойрын 14 хоногийн дотор газраа чөлөөлөхөөс татгалзсан айлуудтай хэлцэл хийх зөвшилцөлд хүрчээ. Эдгээр айлтай тохирчихвол тавдугаар сарын 1-н гэхэд тохижилтын ажлыг эхлүүлэх аж. Ирэх сард болох НИТХ-ын хурлаар Гандан нэртэй тогтоолын төслийг хэлэлцүүлэх юм байна. Ингэснээр ирэх 5-6 жилд Гандангийн 55 га газар дээр буй 1,800 өрх айлыг бүхэлд нь чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгох гэнэ. Гандангийн дэнжийн бүх байшингууд, авто засвар, худалдааны төвүүдийн газрыг чөлөөлөхөөр тогтоолын төсөлд тусгажээ. Гандангийн орчимд дахин барилга байгууламжууд бариулахгүй, газар эзэмшүүлж, ашиглуулахгүй. Гандангийн дэнжид зөвхөн Гандангийн байшингууд үлдэнэ. Дөрвөн замаас Гандан руу өгсөх өргөн чөлөөний авто зам болон авто зогсоолуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр газар доогуур оруулна. Газар доор шашны эд зүйлийн дэлгүүр, ресторан, зоогийн газрууд, төлбөртэй зогсоол, худалдаа үйлчилгээний төвүүд байршуулахаар төлөвлөжээ. Тогтоолын төслийн талаар иргэдээс санал авах юм байна. Хийн түлшний шилжилтийн талаар: "Газны хэрэглээ нэвтрүүлсэн айлууд хэмнэж чадвал боломжийн нөхцөл санал болгож байгаа. Хойд Америк, Европын орнуудад нэвтэрсэн NP газын стандартыг нэвтрүүлж байгаа тул хий алдахгүй, галын аюулаас сэргийлсэн стандарт юм. Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх байршлыг удахгүй танилцуулна. Тавдугаар сарын 1-нээс өмнө хийн түлшинд шилжих айл өрхүүдийн хүсэлтийг авч хийн зуухнуудаа үйлдвэрлүүлэн наймдугаар сарын 1-нд хүсэлт гаргасан айл өрхүүдийн дулаалгыг очиж шалгаад зуухнуудаа суурилуулна. Хийн түлшинд шилжсэн айл өрхүүдэд 900 мянган төгрөгийн урамшуулал олгоно. 300 өрхийн дунд хийн түлш борлуулах цэгийг байгуулж байгаа. Гэр, байшингаа дулаалчхаад биднийг дуудаач гэж уриалъя" гэв. Хотын дарга өнгөрсөн хоёрдугаар сард Чингэлтэй дүүрэгт хийн түлшинд шилжсэн айлд орохдоо бууз чимхэж байсан бол энэ удаад Гандангийн дэнжийн айл өрхүүдэд боов, бууз, махаар цайлаад гарав.

Share this post: