TheMongoliaTime

"Туулын хурдны замын гүүрэн байгууламжийн 1 км тутмын өртөг нь ₮130 тэрбум. Усны газрын дүгнэлт гаргуулаагүй ноцтой байдал илэрсэн"

2026-03-23 - 07:03

УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Туул голын хурдны замын асуудлаар Нийслэлийн засаг даргын орлогчийн мэдээллийг сонссон байна. Үүнтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр "Туул голын хурдны замтай холбоотой асуудал олон нийтийн цахим сүлжээнд олон янзын өнцгөөр мэдээллүүд явж, ойлгомжгүй байдал үүсгэж байгаатай холбогдуулан манай намын зөвлөл ажлын хэсэг байгуулахаар боллоо. Эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй нь тодорхой бус замын хөдөлгөөний асуудлыг хэдий хэмжээгээр бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөө чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж санал дүгнэлт сонсож, нэгдсэн байр суурь гаргана. Эдийн засгийн үр өгөөж хэр вэ гэдэг талаар Нийслэлийн засаг даргын орлогчийг болон Усны газрын төлөөллийг дуудаж мэдээлэл авлаа. 2.3 их наяд төгрөгөөр 32 км гүүрэн байгууламж замыг барина гэж байгаа. Мөн тойрог замыг зургаан их наяд төгрөгөөр барьж түгжрэлийн асуудлыг шийднэ гэсэн. Үүнийг төсвөөс санхүүжиж явахаар төлөвлөгөөнд тусгасан. Төсвөөс санхүүжнэ гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө. Эдийн засгийн энэ үед татвар төлөгчдийн мөнгөөр ийм бүтээн байгуулалт хийх нь үр ашигтай юу. Нөгөө талдаа түгжрэлийг 30-40 хувь бууруулна гэсэн нь хэр бодитой болох, ямар судалгаа тооцоо байгааг нарийвчилж харна. Байгаль орчны асуудал дээр 32 км бүхий гүүрэн байгууламж бүхий хурдны зам нь тэр чигээрээ Туул голын ай саваар дамжаад гарахаар байгаа. Гүүрэн байгууламжийн 7-8 метрийн багануудыг газрын гүн рүү зооно гэсэн. Энэ нь Туул голын урсцад хэрхэн нөлөөлөх, үерийн усанд ямар нөлөө үзүүлэх талаар дүгнэлт гаргуулаагүй байна. Усны газрын даргын өгч буй мэдээллээр Туулын хурдны замын зураг төсөл дээр хуулийн дагуу дүгнэлт гаргах ёстой. Гэтэл энэ дүгнэлтээ гаргуулаагүй ноцтой байдал илэрч байна. Байгаль орчны үнэлгээ хийгдсэн, дунд зэргийн нөлөөлөлтэй гэж гарсан. Дунд зэргийн нөлөөлөлтэй гэдэг нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл байна гэсэн үг. Тухайлбал 3.4 га газар бургас хядахаар байгаа. Усны тухай хуульд зааснаар Усны газраас дөрвөн төрлийн дүгнэлт гаргах ёстой. Туулын ай сав газраар дамжиж буй гүүрэн байгууламж ундны усанд хэрхэн нөлөөлөх, усны урсац, үерийн эрсдэл нэмэгдэх эсэхэд дүгнэлт гаргах ёстой ч гаргуулаагүй байгаа гэдгийг мэдэгдсэн. Нийт 32 км замын 10 км орчим нь гүүрэн байгууламж, бусад нь зургаан эгнээ үргэлжилж буй зам юм. 1 км-т ногдох өртөг нь 71 тэрбум төгрөг гэж мэдэгдэж байсан. Зөвлөл дээр мэдээлэл авахад гүүрэн байгууламжийн 1 км тутамд 130 орчим тэрбум төгрөг гэж байгаа. 1 км-т ногдож буй 71 тэрбум төгрөг гээд байгаа нь зам болон гүүрэн байгууламжийг нэгтгээд дундажлаж буй дүн юм. Гүүрэн байгууламжийн 1 км тутмын өртөг нь 130 тэрбум төгрөг гэж мэдээлэл өгсөн" гэв.

Share this post: